9409750 75752299
99091750 461386

Цонх гэж юу вэ?

Цонхны тодорхойлт

Цонх гэдэг нь тасалгаан дахь агааржуулалт болон гэрлийг хангах зорилгоор тусгайлан бүтээгдсэн ханын нүхэнд суугддаг барилгын бүтээцийн архитекторын хэсэг юм.

Цонхны тоо, хэмжээ, загвар нь барилгын төлөвлөгөөнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг ба тасалгааны дулаан тусгаарлалтын 50% хангадаг.

Хүн гэгч гэрэл гэгээнд үнэн сэтгэлээсээ дуртай. Нар бол дэлхийн цонх юм. Бас илч гэрэл юм. Ингэж дайдын дайдаас наашлуулан бодоцгооё. Сэтгэлийн минь цонхоор үргэлж гэгээн гэрэлт илч дулаан нарны цацраг, цацран цацран орж байг. Ээ мөн сайхан аа. Та бид чинь өргөө гэрийнхээ тоонон цамхраа дүүргэн орж ирэх нар голлосон хойморт аз жаргалаа дархалж, өдөржин нар дагаж нүүдэг хүмүүс. Ийм сайхан гэрэлт хийморьтой бас хоймортой улс. Өргөө гэрийн минь өлзийт сайхан цонх бол тоонон хүрээ. Урган мандахаасаа унан жаргах хүртэл нар зөв тойрдог нартай хүмүүс. Гэрийнхээ цонхоор өндөр Гонгор л алсын бараа харсан гэдэг. Түүнээс өөр мэдээ занги одоохондоо үгүй. Гэрийн тооно бол монгол цонх ажгуу. Нар хормойлон тосдог энэ тоонондоо хүндэтгэлтэй ханддаг ард түмэн бол бид. Тоонон хүрднээсээ хадаг зүүж дээдэлнэ. Тооноо ачаа тээшнийхээ хамгийн дээр нь тавьж, жингийн цувааны эхний тэмээнд ачихаас эхлээд хүндэтгэл ихтэй. Энэ бол гэрэл гэгээг хүсэн дурлах ард түмний зөн билэг гэлтэй.

Монгол хүн сүм дуган барьж, шавар гэртэй болохын үеэс одоогийн цонх өмнө хөршөөс нүүж ирж суурьшсан. Тэр нь модон сараалжны цаагуур татсан муутуу цаасан цонх байлаа. Энэ бас л тэрхүү сууцанд гэрэл гэгээ түгээх үүрэгтэй байсан. “Нүгэл буян” гэдэг  кинон дээр

“Цонхны цаанаас туяа туслаа
Цочоод харсан чинь цоорхой байлаа"... гэсэн нэг ардын дууг дуулдаг даа. Тэр кинон дээр хайр сэтгэлтэй болсон хоёр залуу муутуу цаасан цонхыг хуруугаар норгон цоолж, гэрэл гэгээ залсаар байгааг бид харсан даа. Хайр сэтгэл хүртэл тэр жижиг цоорхойгоор гэрэл болон нэгэндээ хүрч мэлмий баясгадаг байсан гээд бодохоор мөн ч өгөөмөр юм даа. Энэ бол хайр сэтгэлийнхээ цонхоор харж байгаа үйлс юм даа.

Ийм нэг ариун хайрыг бид  дэлгэцнээс зөндөө үзсэн. Үзэх бүрий ухаарал хайрласан энэ киноны хамгийн сүүлчийн хамгийн эгзэгтэй тайлал нь мөн л цонхоор харж баярлан цонхоор харж ухааран төгсөх юм.

Дахиад л кино... Дэлгэр хүү хотод ирж найзуудынхаа цонхон доор очиход  шинэ оныхоо баярт бэлтгэж буй ангийнх нь найз нөхөд олж харснаар бөөн баяр болж, улмаар Дэлгэр хүү  Үрлээгийнхийг зорьж  дүү нарт нь болоод Үрлээд өвлийн өвгөн болж, бэлэг өгөөд  гарч цонхон доор нь очсоноор Үрлээгийн сэтгэлийн туйл алдарч цонхоор харан нулимсан хэлхээ унагасан ухаарал энд гардаг даа. Цонх... цонх. Сэтгэлийн цонх гэрэлтэнэ дээ.

Цонх бол гэрэл гэгээ юм. Цонх бол оюун ухаан юм. Цонх бол  ирээдүй юм. Цонхны дэргэд санаашран зогсоод орчлонг тольдвоос орчлон тэр чигээрээ гэрэлтэн томорно. Цонх бол нүд юм.  Ертөнцийг харах мэлмий юм. Нэгэнтээ “Ертөнцийг харах цонх бол цорын ганц ном бүлгээ” хэмээсэн нь бий. "Тийм ээ, цонх мэдлэгийн эхэнд чиглүүлэгч луужин мэт юм. Аливаа юмыг гэрэлтүүлэхийн нигууртай болохоор л  цонх гэдэг эрдэм номд, их ирээдүйд, гэрэл гэгээнд, сайн сайханд тэмүүлэх чиг замыг гэрэлтүүлэгч  шидтэй аж”. "Оюутны цонх шөнөжин гэрэлтэй" гэдэг дуу нэг үе залуусын аманд хүлхэгдэж бас ч нэг сайхан залуу насны эрч хүч гэрэлтэх шиг болдог байсан. Тийм ээ, эрдэм номд шамдан суугаа залуус ийнхүү шөнөжин гэрэлтэй цонхон цаанаа оюун бодлоо гэгээрүүлж сэхээрүүлж байгаа юм. Тэгээд ч Монголчууд цонхыг гэгээвч, сэхээвч хэмээдэг.

Уужим амьсгаа авахад минь... гээд нэг дуу дуулдаг шиг сэхээвчээр салхи сэвэлзээд ... гэж урт амьсгаа авч, цэлмүүн цэнхэр агаар тосохын жаргалыг бас эдэлдэг.

Цонх бол урин дуудагч гэрэлт харгуй юм. Бичгийн ширээнийхээ ард оюун бодолтойгоо өн удаан суугаад босон ирэхдээ  цонх руугаа алхаж гаднах орчноо харж, нүдний чилээ гарган сэтгэлээ сэргэтэл  цээлшээд буцаад суухад шинэ орон зай, шинэ оюуны бяд амтагдах шиг болдог доо. Цонх гэдэг тал шиг юм даа. Уужруулан тэтгэгч гэрэлт мэлмий юм аа...

Цонхтой цаг сайхнаа гэж оюутнууд хөгжилдөхийг алийг тэр гэхэв. Битүү дүүрэн хичээл дунд ямар нэг шалтгаанаар нэг цагийн цоорхой гарахад л түүнийг хамгийн сайхан юмтайгаа л зүйрлэж байгаа юм бол уу. Цонхтой хэмээн нэрлэж заншжээ... Эсвэл дүүрэн цагтай хичээлийн хуваарийн хүснэгтэн дээр нэгхэн цонхыг харлуулан будсан байдаг. Үүнийг цонх хэмээнэ. Хэлбэр, дүрсээр нь хэлсэн нь агуулгадаа очиж шингээд хэвшмэл хэллэг болсон нь энэ. Цонх цонх... цонхоор л гэрэлтэнэ...

Цогтсайханы хөшөө нийслэлд маань сүндэрлэсэн. Энэ хөшөөг харжээ зогсоход гитарын дуу эгшиглээд байх шиг. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гээд  учирлаад байх шиг санагдлаа. Ай даа. Түүх хүртэл цонхны гэрлээр шагайж байгаа нь энэ буюу...

Цонх... цонх. Гийгүүлэн гэрэлтэгч гэгээвч минь, гэрэлт цагаан салхи сэнгэнүүлэгч сэхээвч минь... Амьдрал гэдэг цонхны наана ч өрнөж, цаана ч өрнөсөөр л байна...

Шинэ оны өмнөхөн цонх бүхний цаана гэрэл гэгээ алсын одны гялбаа шиг цацарч, шөнөжин гэрэлтэй цонхнууд гийгүүлэн гэрэлтсээр авай.

Цонх бол гэрэлт ирээдүй болсон хүүхдийн сэтгэл юм. Та биднийг цонхны цаанаас хүсэл мөрөөдлөө харж ахуйд цонхон цаанаа хүүхдүүд шинэ оноо урлаж суугаа. Өрөөний салхивч нээлттэй байлаа, өглөөний агаар сэнгэнэн орлоо... хэмээн дуулахад хүмүүний гэрэлт сэтгэлийн хоймор дүүрч байна. Цонхоор амьдрал тэр чигээрээ л харагдана. Хүүхдийн сэтгэл шиг сайхан байх болтугай...

Цонх... цонх.... Сэхээвч, гэгээвч, салхивч минь... Шинэ цагийн тоонон хүрд минь. Нар тоссон гэрэлт алга минь. Тосон авч буй шинэ онд айл бүхний цонх гэрэлтэй, аз жаргал дүүрэн, алтан нар цацрагаа  ивээж байгээ...